Өнөөдөр хэн гэдэг бөх дархан цол, нэр, нутгаа дуурсгах вэ?

 

XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн барилдааны нэг, хоёрын даваа өчигдөр/2024.02.08/ боллоо. Эхний өдөр нэгийн даваанд Ц.Содномдорж арслан,  улсын харцага Л.Лха-Очир, улсын начин Ө.Батзул, Х.Оргилболд, О.Цэцэнцэнгэл, Б.Түвшинтөгс, Д.Тогтохжаргал нар өвдөг шороодсон бол хоёрын даваанд улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын харцага Г.Бадрах тэргүүтэй дээгүүр даваанд харж байсан бөхчүүд уналаа.

Нэр хүнд, цар хүрээгээрээ төрийн их баяр наадмын дараа ордог сар шинийн барилдаанд бөхчүүд өндөр ач холбогдол өгч, бэлтгэл сургуулилалтаа чамбайруулдаг. Ерөнхийдөө ирэх наадмаар хэн одтой, өнгөтэй, хүчтэй байх нь эндээс харагддаг. Тэгвэл өнөөдрийн барилдаанд манлайлах тэр бөхийн нэр хэний хэн бэ?

Энэ жилийн сар шинийн барилдаан өнгөрсөн жилийнх шиг аварга, арслангууд зодоглосон чансаа өндөртэй болоосой гэж бөх сонирхогчид хүсч байсан ч санаснаар болсонгүй. Ч.Санжаадамба аварга, С.Мөнхбат аварга тэргүүтэй 1980-аад оны шилдгүүдийг зодоглох болов уу гэж олон хүн харж байлаа. Мөн бэртлийн улмаас Б.Орхонбаяр арслан, шийтгэлийн улмаас Б.Серик заан зодоглосонгүй.

Түрүүлэх магадлалтай бөхчүүдийн чансааг өнгөрсөн жилийн түрүү бөх Б.Бат-Өлзий заан тэргүүлж байна. Хоёр ч удаа түрүүлээд буй түүний хувьд гурав дахь удаагаа түрүүлэхийг хүсч байгаа нь мэдээж. Өргөөний барилдаанд хазайх нь ховор гэдгийг нь бөх сонирхогчид олон жил хангалттай харсан. Тэр ч утгаараа түүнийг дор хаяж их шөвөгт зогсч байх болно гэж олон хүн харж буй.

Түүний араас саяхан өргөөний 29 дэх түрүүгээ хүртсэн О.Хангай аварга түрүү бөхөөр нэрлэгдэнэ. Отгон аварга он гарснаас хойш болсон хоёр барилдааны нэгд нь түрүүлж, нөгөөд нь үзүүрлэсэн. Шинэ Үндсэн хуулийн ойн барилдаанд үзүүрлэхдээ Б.Бат-Өлзий заанд л өвдөг шороодсон гэх. Бэлтгэл сургуулилалт, барилдаан нь хэдийнэ жигдэрчихсэн аваргыг 30 дахь түрүүгээ ирэх цагаан сараар авна гэж гадуур ярьж байна.

Түрүү бөхийн ярианд даян аварга Н.Батсуурийг ярихгүй өнгөрөөж үл болно. Бэртлийн улмаас сүүлийн үеийн барилдаануудад зодоглоогүй аваргыг ирэх баярын барилдаанаар эргэн ирнэ гэх шуум явна. Түүний барилдаан, арга туршлагатай маргах хүн үгүй. Өнгөрсөн жил тэрбээр анх удаагаа цагаан сарын барилдааны үзүүр, түрүүнд үлдэж, Б.Бат-Өлзий заанд тахим буулгасан. Ер нь түрүүлж үзээгүй цөөн барилдаануудынх нь нэг. Энэ жил дутуугаа дүүргэж, хүлээсэн түрүүгээ хүртэхийг үгүйсгэхгүй.

Мөн доор даваанд бүдэрчихгүй л бол П.Бүрэнтөгс аварга түрүүлэх боломж бололцоо, ур чадвар, бяр чадал бий.

Ховдын их гурвын том нь болох Б.Пүрэвсайхан зааныг ямар ч үед, аль ч барилдааны таамгаас хасч болохгүй. Манлай заан чансаа өндөр, том барилдаанд ногт ганзагалаж ирдэг. Түүний нутгийн дүү Г.Ганхуяг харцага ч иртэй байгаа гэдгээ Ерөнхийлөгчийн цомоор харуулж, хурсан олныг шуугиулсан барилдааныг үзүүлж байсан.

Олимп дөхөж байгаа учир М.Лхагвагэрэл заан үндэсний бөх бус чөлөөт бөхдөө илүүтэйгээр анхаарч, бэлтгэл сургуулилалтаа жигдрүүлж байгаа нь лавтай. Гэхдээ л түмэн олон хүндэтгэн цагаан сараар зодоглох биз. Түүнийг дор хаяж бага шөвөгт харна зогсоно гэж хүлээж буй.

Өнгөрсөн жил тун өндөр формтой, барилдаан бүрт зодоглож байсан улсын харцага Б.Зоригтбаатар бэртлийн улмаас барилдаагүй удаж байна. Ирэх барилдаанаар зодоглох магадлалтай. Тамирчин хүний хамгийн том аюул бол бэртэл гэмтэл. Б.Орхонбаяр арслан, Э.Батмагнай начин нар бүгд л бэртлийн улмаас зодоглох нь багассан. Түргэн шаламгай, дайчин барилдаантай тэднийг бөхийн өргөө, бөх сонирхогчид үгүйлж байна.

Цагаан сарын барилдааныг Архангай, Булганы бөхчүүд өнгөлнө. “Өндөр” харцагаас эхлээд С.Сүхбат харцага, 2022 оны түрүү бөх аймгийн арслан Э.Мөнхжаргал сүүлийн үед тодроод буй цэргийн заан Ө.Батсуурь гээд битүү морьд бий. Булганы бузгай сайхан начин цолтнууд цолондоо багтаж ядан барилдаж байгаа. Д.Амарсайхан начин ч хичээвэл түрүүлж болохыг Ерөнхийлөгчийн цомоор дүү нартаа хангалттай харуулсан. Эндээс харахад л хүч бяр нь тэгширч, уран мэх, авхаалж самбаагаараа Ерөнхийлөгчөөс сар шинийн боов “хүртэх” магадлалтай чадалтай, чансаатай олон бөх бий.

Тэр өдрийн тэнгэр мэдэж, тэр бөхийн заяа мэдэг ээ.

You May Also Like